УТГА ЗОХИОЛ, НОМ ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр Хүүхдийн төв номын санд боллоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл: Утга зохиол, ном хэвлэлийн салбар” сэдвээр, Монголын номын сангуудын консорциумаас “Номын сангийн салбарын бодлого, арга хэмжээ”-ний төслийн танилцуулга, Монголын зохиолчдын эвлэлээс “Утга зохиолын салбарын бодлого, арга хэмжээ”-ний төслийн танилцуулгыг илтгэн хэлэлцүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг баталсан билээ.
Тэргүүлэх чиглэлүүдийн нэгд “Утга зохиол, ном хэвлэл”-ийн багтсан бөгөөд үүнтэй холбогдуулан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний форумыг 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Уг форумыг угтан Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгээр “Ном хэвлэл”, “Утга зохиол”-ын салбар хуралдаануудыг зохион байгуулсны дараа нэгдсэн хэлэлцүүлгийг хийж, зөвлөмж гаргалаа.
Ном хэвлэлийн салбар хуралдаанаар “Номын сангийн салбарын бодлого, арга хэмжээ”-ний төсөл, “Номын сангийн үндэсний зөвлөлийн журам”-ын төсөл, “Номын сангийн үндэсний зөвлөлийн журам”-ын төслийн танилцуулгыг; Утга зохиолын салбар хуралдаанаар “Утга зохиолын салбарын бодлого, арга хэмжээ”-ний төсөл, “Хүүхдийн номд тавих шаардлага” стандартын төсөл, “Утга зохиолын шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын төслийн танилцуулгыг хэлэлцсэн юм.
Нэгдсэн хэлэлцүүлэгт Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, их, дээд сургуулийн номын сангууд, Монголын номын сангуудын консорциум, Монголын номын сангийн холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл, Номын дэлгүүрүүд, Хэвлэн нийтлэгчдийн холбоо, Цахим номын сан, цахим худалдаа, Хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, ЕБС-ийн номын сангууд, уншлагыг дэмжигч иргэний нийгмийн төлөөллүүд оролцов.
Сэтгэгдэл бичих