“МОНГОЛЫН НОМЫН САНЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСӨЛ”-ийн хоёр дахь шатны сургалт боллоо
Монголын номын сангуудын консорциумоос санаачлан, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монголын номын санчдыг чадавхжуулах төсөл”-ийн хоёр дахь шатны сургалт, семинар энэ сарын 20-21 өдрүүдэд Орхон аймагт амжилттай боллоо.
Уг төслийн эхний үе шатанд Монголын номын сангуудын төлөөлөл болох 10 номын санч АНУ-ын номын сангуудаас туршлага судлаж ирсэн бол хоёр, гурав дахь шатны сургалтуудыг орон нутгийн болон Улаанбаатар хот дахь номын санч нарт гэсэн үе шаттайгаар зохион байгуулах юм. Хоёр, гурав дугаар шатны сургалтыг туршлага судалж ирсэн 10 номын санч удирдан чиглүүлж, зохион байгуулна. Улаанбаатар хотын номын санч нарт зориулсан гурав дахь шатны сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын дундуур зохион байгуулахаар товлогдоод байна.
Орон нутгийн номын санч нарт зориулсан сургалтад Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Булган аймгийн нийт 80 гаруй номын санч, мэдээллийн ажилтан оролцлоо. Сургалтаар БСШУСЯ СБЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баяраа “Номын сангийн талаар баримтлах төрийн бодлого, хэрэгжүүлэгч агентлаг”, Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Үндэсний номын сан, түүний бодлого, үүрэг”, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг “Номын сангаас хүүхдэд чиглэсэн үйлчилгээ, сайн дурын ажил”, Улаанбаатар хотын төв номын сангийн Хуулийн зөвлөх, Хүний нөөцийн мэргэжилтэн М.Отгонбаяр “Номын сан ба зохиолч”, Монголын номын сангуудын Консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ “АНУ-ын номын сангийн холбоо түүний үйл ажиллагаа”, Орхон аймгийн номын төвийн захирал А.Уранчимэг “Орон нутгийн номын сангийн үйл ажиллагаа”, СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Т.Хайдав “Номын санчид тавигдах шаардлага”, МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн “Номын сангийн програм хангамжийн чиг хандлага”, Улаанбаатар хотын төв номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох “Лавлагаа, ном зүйн ажил, үйлчилгээний стандарт”, Улаанбаатар хотын төв номын сангийн Хөтөлбөрийн ажилтан Б.Шүрэнбагана “Номын сан дахь бүтээлч орон зай”зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион явууллаа.
Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн БСШУСЯ, Орхон аймгийн ЗДТГ-т Монголын нийт номын санчдын өмнөөс талархал илэрхийлье.
МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ
Сэтгэгдэл бичих