"МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ БА НОМЫН САН" СЭДЭВТ НОМЫН САНЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛНО.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Монголын номын сангуудын консорциумтай хамтран “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт сургалтыг 2019.01.08-2019.01.22-ны өдрүүдэд онлайн болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн үр дүн нийгэм, хүмүүсийн амьдралд улам бүр гүнзгий нэвтэрч байна. Энэ хөгжлийг дагаад номын сангаар үйлчлүүлэгчдийн хүсэл, сонирхол ч мөн адил өөрчлөгдөж, номын сан, номын санчдаас мэдээллийн технологид суурилсан, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан үйлчилгээг шаардаж байна.
Технологийн хувьсгалын 4-р үе гэж нэрлэгдэж буй энэ цагт номын санчид мэдээллийн технологийн өндөр мэдлэг, чадвартай байж л уншигч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлж чадна.
Иймээс энэхүү сургалтад мэдээллийн технологийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх, сурсан мэдлэг туршлагаа хамтран ажиллагсадтайгаа хуваалцахыг хүссэн 20 номын санчийг сонгож хамруулна.
Уг сургалт нь дараах үндсэн 4 сэдвийг хамарна. Үүнд:
- Номын сан дахь мэдээллийн технологийн чиг хандлага
- Интернэт дэх мэдээллийн эрэл хайлт
- Цахим мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, хадгалалт
- Цахим мэдээллийн түгээлт
Номын санчдын хувьд сургалтаар олж авсан мэдээллийн технологийн мэдлэг, чадвараа ашиглан уншигч, хэрэглэгчдээс хоцрохгүй, тэдний хүсэн хүлээсэн мэдээллийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэдэг болох юм.
ХӨТӨЛБӨР
1 НОМЫН САН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГА1.1 Номын санд нэвтэрч буй мэдээллийн технологиуд
1.2 Номын сангийн үйл ажиллагаа
1.3 Цахим номын сангийн чиг хандлага
2 ИНТЕРНЭТ ДЭХ МЭДЭЭЛЛИЙН ЭРЭЛ ХАЙЛТ
2.1 Хайлтын стратеги
2.2 Энгийн хайлт
2.3 Нарийвчилсан хайлт
3 ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХАДГАЛАЛТ
3.1 Номын сан дахь цахим мэдээлэл
3.2 Номын сан дахь цахим мэдээллийг зохион байгуулах, хадгалах боломжууд
3.3 Zotero програм ашиглан номзүйн мэдээллийн сан үүсгэх
3.4 Zotero програмд байгаа мэдээллийн санг зохион байгуулах нь
4 ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ТҮГЭЭЛТ
4.1 Номын сангийн вэб хуудас, онцлог, ач холбогдол
4.2 Блогспотыг номын санд ашиглах(Блогспот нээх, пост, хуваалцах, гүүгл аналитик ашиглаж болдог тухай, нийгмийн сүлжээтэй блогспотыг хэрхэн холбодог тухай.)
4.3 Номын сангаас нийтэд хүргэх мэдээлэлд тавигдах шаардлага
4.4 Номын сангийн вэб хуудас, нийгмийн сүлжээг хослуулан хэрэглэх нь
4.5 Вэбийн хандалтын статистик
Сэтгэгдэл бичих