Header Ads

ad

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 99 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой тохиож байна. Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн Монголын Үндэсний номын сан 1921 онд байгуулагдан өнөөдөр 99 жилийн ойтойгоо золгож байна. 

Юуны өмнө Үндэсний номын сангийн үе үеийн номын санчид, албан хаагчдад та бүхэнд ойн мэнд дэвшүүлье.



1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. 



Энэхүү хүрээлэнгийн /одоогийн Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин Козины байрлаж байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгосон байна.


1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр тус номын санг "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байхаар тогтсон байна. Улсын ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж улмаар 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтанд орсон түүхтэй.

Монгол Улсын Үндэсний Номын Сан нь 3 сая гаруй ном хэвлэлтэй Монгол улсын хамгийн том номын сан бөгөөд одоогоор 5 хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдүгээ Үндэсний номын сангийн сан хөмрөг арвижсаар 3 сая орчим ном судар, хэвлэлийг хадгалж хамгаалан уншигчийн хүртээл болгож байна. Үндэсний номын сангийн бүх номын бүрэлдэхүүний байдлыг харгалзан 8 хөмрөгт хуваадаг бөгөөд уншигчдад үйлчлэх хүрээг нь харгалзан хадгаламжийн хэлтэст 6 сан хөмрөгт харъяалагддаг.

Үүнд:

1. Монгол судлал, гар бичмэл ном

2. Монгол ном

3. Өрнө дахины ном

4. Дорно дахины ном, хэвлэл

5. Төвд ном

6. Тогтмол хэвлэл

Үндэсний номын сангийн 100 жилий ойгоор буюу ирэх жил СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.



No comments