НОМЫН САНЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Mongolian library update” улсын зөвлөгөөнийг Монголын номын сангуудын консорциумоос 2014 оноос эхлэн жил бүр дотоодын номын сангууд болон номын санч, мэдээллийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, асуудлыг шийдвэрлэх зорилгоор салбарынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй.
Нээлтийн үеэр Солонгосын KSLA Мэргэжлийн номын сан холбооны ерөнхийлөгч Oh Jeong Hoon цахимаар мэндчилгээ дэвшүүлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ удаагийн “Mongolian library update-2020” улсын VII зөвлөгөөнийг МонголУлсын Соёлын Яам, Монголын Номын Сангуудын Консорциум, Дотоод хэргийн их сургуультай хамтран 2020 оны 10 сарын 23-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд боллоо.
Зөвлөгөөнд хот, хөдөөгийн 65 гаруй номын сангийн төлөөлөл болох 200 номын санч, мэдээллийн ажилтнууд оролцлоо.
Зөвлөгөөнд Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, их дээд сургууль, мэргэжил сургалтын төв, Ерөнхий боловсролын сургуулийн номын сан, хувийн хэвшлийн байгууллагын номын сан, орон нутгийн 19 нийтийн номын сангийн төлөөлөл оролцлоо. Мөн бусад холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулснаараа онцлог боллоо.
Зөвлөгөөний үеэр Монгол Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Удирдлагын академи, ШУТИС, СУИС, МУБИС-ийн номын сангаас үнэт ховор болон шинэ содон ном бүтээлийн үзэсгэлэн гаргасны зэрэгцээ номын санд нэвтэрч буй шинэ техник технологийн үзэсгэлэн, Монголын номын сангийн салбарын 2019 оны “ОНЦЛОХ 10” номинацаар тус тус үзэсгэлэн гаргаж танилцууллаа. Энэ үеэр Интерном номын их дэлгүүр өөрийн номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулсан.
- Номын сангийн эрх зүйн орчин Соёлын яам Б.Баяраа, АШУҮИС-ийн номын сан Т.Лувсаннямаа
- Хүний нөөц-мэргэжлийн үнэлэмж Улаанбаатар хотын төв номын сан Д.Индра, Хүүхдийн төв номын сан Г.Буянцэцэг
- Номын сангийн мэдээллийн технологи МУБИС-ийн номын сан Ж.Баатарсүрэн, ШУТИС-ийн номын сан О.Ариунжаргал
- Сургалт, арга зүй, хөгжил Үндэсний номын сан Г.Гүнжинлхам, Б.Сарандэлгэр
- Бүтээлч санаачлага-инноваци Улаанбаатар хотын нийтийн төв номын сан М.Цэнгэл, МҮИС-ийн номын сан Б.Эрдэнэ
Номын санчид сонирхсон хэлэлцүүлэгтээ сайн дураараа хуваагдан оролцсон бөгөөд сэдэв бүрт санал, бодлоо нээлттэй идэвхтэй илэрхийлж, хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо.
Номын санчдын зөвлөгөөний үеэр зохион байгуулсан 5 салбар хэлэлцүүлгийн үр дүнг санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргэх юм. Энэ удаагийн зөвлөгөөн нь оролцогчдын идэвх оролцоог хангаж, зохион байгуулалтын хувьд илүү боловсронгуй, үр дүнтэй үйл ажиллагаа болсныг оролцогчид онцолж, талархлаа илэрхийлж байв.
Сэтгэгдэл бичих