Header Ads

ad

Номын сангийн 100 алдартан

Монгол Улсад Орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан UB Public Library - Хотын Төв Номын Сан, Mongolian Libraries Consortium - Монголын Номын Сангуудын Консорциум хамтран #Монголын_салбарын_номын_сангийн_100_алдартан-г бүх төрлийн номын сан, тэдгээрийн албан хаагчдын  оролцоотойгоор нэрлэж байна. Салбарынхаа өнгөрсөн 100 жилийн 100 алдартныг нэрлэснээр, тэдгээр хүмүүсийн хийсэн бүтээсэн зүйлсийг шинэ залуу, хойч үедээ мэдүүлэх, сурталчлах, лавшруулан судлах танин мэдэх болон эрдэм судлалын ач холбогдолтой юм. 


#001 Сангичойндонгийн ЦЭЦЭГМАА

БНМАУ-ын Соёлын яамны түшмэл, мэргэжилтэн, Багшийн сургуулийн номын сангийн салбарт багш, Соёлын коллежийн багш, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн аргазүйч хийж байсан. Эдгээр албыг хаших 35 жилийн хугацаанд Номын сангийн каталогийн зохион байгуулалт(1979), Номын сангийн төвлөрүүлэлт(1989), Номын сангийн ангилал, каталог(2003), Номын фонд(2007) зэрэг номуудыг бичиж, Нийтийн номын сангийн үйлчилгээ: ОУНСХ ЮНЕСКО удирдамж(2002)-ийг орчуулж, салбарын олон арван сурах бичиг, бүтээлд редактороор ажилласан байна. 

#002 Самдангийн ЛУВСАННЯМ


БНМАУ-ын Соёлын яаманд номын сангийн мэргэжилтэн, Соёл гэгээрлийн дунд сургуулийн багш, Улаанбаатар хотын төв номын санд захирал, аргазүйчээр ажиллаж байсан. Улаанбаатар хотын нийтийн төв номын санд төвлөрүүлэлтийн ажлыг мэргэжлийн чиглэлээр удирдан зохион байгуулж, гарын авлага, аргазүйгээр ханган ажиллаж байсан. Номын сангийн ажлын туршлага: II(1967), Санаачлага, туршлага: Соёл урлагийн байгууллагын ажлын зарим туршлага(1975), Ном хэвлэл тодорхойлох журам(1976), Номын сангийн ажлын төлөвлөлт, бүртгэл, тооцоо, тайлан(1980), Социалист нөхөрлөлийн орнуудын тухай Монголын тогтмол хэвлэлд нийтлэгдсэн зүйлсийн номзүйн бүртгэл(1985) зэрэг номуудыг туурвижээ.

#003 Оросоогийн ЦАЦРАЛ


Улсын нийтийн номын сангийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал, ахлах номын санч, Соёл, гэгээрлийн дунд сургуульд номын сангийн ангийн багш, Техникийн их сургуулийн номын сангийн эрхлэгч, МАХН-ын ЗХУ дахь Намын хорооны орон тооны ажилтан, Урлах эрдэм дээд сургуулийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан. В.В.Хурлат, Д.Данзан, Д.Бүрэндалай, Б.Банзрагч нарын хамтаар Владимир Ильич Лениний зохиолууд: Агуулгын тайлбартай бүртгэл(1967), Библиография работ по Монголии(1967) зэрэг номзүйн бүртгэлүүдийг тус тус эмхэтгэн, салбарын тухай 20 шахам өгүүлэл, орчуулгын материалыг төвийн сонин хэвлэлд нийтүүлсэн байна. 1980 онд байгуулагдсан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан.

#004 Вера Викторовна Хурлат

1930 онд Ленинград хотод БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Ж.Цэвээний нарийн бичгийн албыг хашиж байсан. 1932 оноос 1980 он хүртэл Улсын төв номын санд ажилласан. 1980 оноос Улаанбаатар хотын нийтийн төв номын санд ажиллах болсон. Монголд номын санч бэлтгэх сургалтад каталог, ангилал, ном тодорхойлох хичээлүүдийг тус тус зааж байсан. Монгол судлалын эрдэмтдэд гарын авлага болох томоохон номзүйн бүтээлийг эмхэтгэн гаргасан. Библиография работ по Монголии: №1 (1962), Библиография работ по Монголии: №2 (1962), Библиография работ по Монголии: №3 (1963), Номын сангийн хэвлэл тодорхойлох гарын авлага (1964), Библиография работ по Монголии: №4 (1969), Библиография работ по Монголии: №5 (1977), Библиография работ по Монголии: №6 (1980) зэрэг номуудыг эмхэтгэн туурвиж номын сангийн салбарын хэд хэдэн бүтээлд редактор хийжээ.

#005 Раднаагийн Гомбосүрэн

Дорнод аймгийн захиргааны Урлагийн хороо, Соёлын яамны төлөөлөгч, Номын сангийн мэргэжилтэн, Хэнтий аймгийн Соёлын хэлтсийн дарга, Намын дээд сургууль, Анагаах ухааны дээд сургуулийн номын сангийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Иргэд, уншигчдад зориулан Ном эзэмших соёл(1989) нэртэй номыг туурвисан. Номын сангийн үйлчилгээ, салбарын ажлыг сайжруулах чиглэлээр 20 шахам өгүүлэл бичиж төвийн хэвлэлд нийтлүүлсэн. В.И.Лениний зохиол бүтээлүүдийг бүрэн уншсан, амьд лавлах байв. Тиймээс “Ленин Гомбосүрэн” гэх нэрийг уншигчдаас төдийгүй мэргэжил нэгт номын санчдаасаа авч байжээ.

#006 Донойн Сурмаажав

Германд суралцсан анхны сурагчдын нэг. Германаас буцаж ирээд Гэгээрлийн яаманд багш, хэвлэлийн хянагч, ЭХЯ-нд орчуулагч, 1933 оноос Судар бичгийн хүрээлэнд Хэл бичгийн кабинетийн толь бичиг, нэр томьёоны ажилтнаар ажиллаж эхэлсэн байна. Үүний дараагаар Хөдөө аж ахуйн тасагт судлаач, Европ номын хөмрөгийн эрхлэгч, Улсын номын сангийн захирал, хэлтсийн эрхлэгч, ахлах номын санчаар ажиллаж байв. Отгонтэнгэр хайрханы орой дээр гарч Германчуудтай холбогдсон, Германы тагнуул гэх зэргээр хэлмэгдэж явсан. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулахаар тодорхойлсон боловч уг шалтгааны улмаас гавьяа зүтгэлээ үнэлүүлж чадаагүй. Номын сангийн аравтын ангилал, Зохиогчийн үсэг дарааллын гурван тэмдэгт (1971), Монгол нэрсийн гурван тэмдэгт(1961) зэрэг номуудыг мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ хамтаар бичиж, хэвлүүлсэн. Номын сангийн нэр томьёо(1956) бүтээлд редактороор ажилласан.

#007 Аюушийн Тогтоодулам

Булган аймгийн номын санд номын санч, эрхлэгч, аймгийн Гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтэст номын сан, номын худалдаа хариуцсан зааварлагчаар, 1976-2008 онд Багшийн сургууль, Соёлын гэгээрлийн дунд сургууль, Соёлын коллеж, Соёлын дээд сургуулийн номын сангийн ангид багшилж байсан. Оновчтой уншлага(1997), Ерөнхий номзүйн онолын үндэс(2010) номуудыг туурвисан.

#008 Ойдовын Хартолгой
Увс аймгийн номын худалдааны газарт нярав, номын сангийн эрхлэгч, 1981 оноос Багшийн сургууль, Соёлын гэгээрлийн дунд сургуульд номын сангийн ангид багш, 1986-2007 он хүртэл Улаанбаатар хотын нийтийн төв номын санд захирал, тасаг болон салбар номын сангийн эрхлэгч, аргазүйч зэрэг албуудыг хашиж байсан. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн төвлөрүүлэлтийн ажлыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. 1990-ээд оны эхэн үед Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн шинэ салбарыг(Сонгинохайрхан дүүргийн) нээж, үйл ажиллагааг нь тогтворжуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан.

#009 Авирмэдийн ДАРИЙМАА

МУИС-ийн номын сангийн эрхлэгч, ном зүйч 1966-1987 оны хооронд ажиллаж байсан. А.Дариймаа нь номын санд ажиллаж байсан тухайн үедээ номын сангийн материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байжээ. Номын сангийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа номын санд олон шинэчлэлийг хийж, номын сангийн ангилалыг УДК-с ББК ангилал руу шилжүүлэх, номын санг төрөлжүүлэн зохион байгуулах ажлыг хийсэн. Энэхүү ажлыг өөрийн номын санд хийж гүйцэтгэсний дараа Политехникийн дээд сургууль, Анагаахын дээд сургууль, Цэргийн дээд сургуулийн номын санг ББК ангилалд оруулахад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөн ажиллаж байжээ.

Бүтээлийн жагсаалт
- Дариймаа А. Монгол хүний нэрийн товч толь.- УБ.: АБЯХ., 1986.- 203х.
- Дариймаа А. Монгол хүний нэрийн толь.- УБ.: МУИС-ийн хэвлэх, 2008.- 250х.
- Дариймаа А. МУИС төгсөгчид болон тус сургуулийн профессор багш нарын эрдмийн зэрэг хамгаалсан зохиолын товчлолын ном зүйн жагсаалт: 1-р дэвтэр.- УБ.: АБЯХ., 1982.- 67х.
- Жамц Ө., Дариймаа А. Эрдэм шинжилгээний бичгийн ном зүйн жагсаалтын эмхтгэл: 1-р дэвтэр: 1946-1976.- УБ.: УХГ., 1977.- 86х.
- Өлзийбаяр Д., Дариймаа А. ХХ зууны Монгол төрийн зүтгэлтэн Жамбын Батмөнх: Хөрөг, дурсамж, захидал, гар бичмэл, ярилцлага, түүхэн баримт.- УБ., 2007.- 324х.
- Өлзийбаяр Д. Тэргүүн хатагтай А.Дариймаа: Дурсамж, өгүүлэл, ярилцлага, захидал / Ред. Ө.Оюунхүү.-УБ.:МУИС Хэвлэх үйлдвэр, 2009. -125х.

#010 Ганбаатарын ЦЭРЭН

МУИС-ийн номын сангийн захирал, доктор дэд профессор. 2014 оноос хойш МУИС-ийн номын сангийн захирлаар үр бүтээлтэй ажиллаж байна. МУИС-ийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулан олон улсын жишигт нийцсэн номын сан болгохын тулд шинээр бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, эрхзүй, номын сангийн орчныг сайжруулах, цахим номын сантай болох, номын санг автоматжуулах, номын санчдыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлүүдээр дорвитой ажлуудыг хийн гүйцэтгэсэн бөгөөд зарим томоохон ажлуудыг дурдвал дараах байдалтай байна.
- Монголын номын сангийн салбарт дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, технологийг нэвтрүүлэн, орчин үеийн дизайны шийдэлтэй, ая тухтай орчинг бүрдүүлж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв болгон монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн Номын санг “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г шагналаар 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр шагнасан.
- МУИС-ийн номын сан нь соёлын салбар, номын сангийн салбар, МУИС-даа анхдагч болон ISO 9001 : 2015 стандартыг үл тохиролгүйгээр үйл ажиллагаандаа 2019 онд нэвтрүүлсэн.
- “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг дэмжих, залуу үедээ үндэсний бичиг соёлыг өвлүүлэх, ховор номыг судалгааны эргэлтэнд оруулах, арвижуулах, үндэсний соёлын биет өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Ховор ном, монгол бичгийн уншлагын танхим”-ыг байгуулж, үйлчилгээ үзүүлж байна.
- МУИС-ийн номын сангийн Коха системд нэмэлт өргөжүүлэлт хийх замаар цахим номын санг үүсгэх, номын сангийн веб хуудсыг сайжруулан онлайн мэдээллийн сангийн холболтыг хийх, онлайн мэдээллийн санг хэрхэн ашиглах талаар гарын авлага, видео хичээлийг бэлтгэж уншигчдад хүргэх, гадаад, дотоод онлайн сан, анхан, дунд, ахисан түвшний лавлагаа өгөх видео зөвлөмжийг боловсруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж хийлгэсэн нь цар тахлын үед үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулахад тодорхой хувь нэмрийг үзүүлсэн чухал ажлууд болсон.
- Номын сангийн 360 градус виртуал аялал, ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх 5S аргыг хэсэгчлэн нэвтрүүлэх, МУИС-ийн номын сангийн дэргэд “Номтой найзалъя” клуб байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан.

Гадаад дотоодын сэтгүүлүүдэд 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, орос, монгол хэлээр нийтлүүлж уншигч олонд хүргэсэн. 2014 оноос хойш Номын сангийн менежмент, Компанийн нийгмийн хариуцлага чиглэлүүдээр түлхүү судалгааг хийж байгаа бөгөөд одоогоор “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-III, IV-т ерөнхий редактор, Орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан гаргаж буй “Мэргэжлийн бүтээлийн ном зүй” бүтээлд ерөнхий редактор, мөн ойд зориулан олон улсын мэргэжлийн индекстэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх багийн ахлагчаар тус тус ажиллаж байна. МУИС-ийн багш нарын бүтээлийн номзүйг сургууль сургуулиар нь гаргах ажлыг зохион байгуулж эхний ээлжинд ОУХНУС-ийн багш нарын бүтээлийн номзүйг эмхэтгэх ажилд ерөнхийд редакторын албыг хашиж байна. 


No comments