Монголын номын сангийн салбарын “ 2018 оны онцлох 10”-ыг тодрууллаа
Монгол улсад Номын сангийн тухай анхны хууль 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлагдсаныг тохиолдуулан Монголын Номын Сангуудын Консорциумаас жил бүр Номын санчдын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.
Номын санчдын нэгдсэн шинэ жилийн баярын гол арга хэмжээ, номын санчдын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа бол тухайн жилд номын сангийн салбарт амжилт гаргасан “Оны онцлох 10” ажил үйлчилгээ, байгууллага, хамт олон, номын санчдыг нэр дэвшүүлэн шалгаруулж, урамшуулдаг явдал юм.
Энэ жилийн "Онцлох 10" номинацад 23 байгууллагын 50 гаруй материал ирүүлснээс 10 -г шалгаруулсан юм.
2018 оны "ОНЦЛОХ 10"-ын эздийг танилцуулж байна.
"Оны онцлох номын сан"-гаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын номын сан шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, БСШУСЯ-ны нэрэмжит шагнал 3,000,000 төгрөгөөр;
“Онцлох Инноваци” нэвтрүүлсэн байгууллагаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Монголын Үндэсний Номын Сангийн нэрэмжит шагналаар;
“Онцлох СОНА”-аар Хэнтий аймгийн төв номын сангаас санаачлан хэрэгжүүлсэн “Ном уншицгаая” аян шалгарч, “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Монголын Үндэсний Номын Сангийн нэрэмжит шагналаар;
“Онцлох номын санч”-аар Улаанбаатар хотын төв номын сангийн Хөтөлбөрийн танхимын номын санч Б.Шүрэнбагана шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Монголын Үндэсний Номын Сангийн нэрэмжит шагналаар;
“Онцлох ном, номзүй”-ээр Т.Хайдавын "Номын сангийн тухай үндсэн ойлголт" ном шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Улаанбаатар хотын төв номын сангийн нэрэмжит шагналаар;
“Хүүхдэд чиглэсэн онцлох үйлчилгээ”-ээр Төв аймгийн нийтийн номын сан шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Хүүхдийн төв номын сангийн нэрэмжит шагналаар;
“Онцлох Fundraising”-аар Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн “Он цагийн хүрд” аялан тоглолт шалгарч “ОНЦЛОХ” цом, Манжуур хотод аялах эрх, Интерном дэлгүүрийн нэрэмжит шагнал;
“Онцлох бүтээн байгуулалт”-аар Мандах Их Сургуулийн номын сан шалгарч, Манжуур хотод аялах эрх, Номадик ХХК-ын нэрэмжит шагналаар;
“Онцлох санаачилга”-аар Хүүхдийн төв номын сангийн “ОЮУНЫ ОНЬС” ажил шалгарч, Манжуур хотод аялах эрх, Монголын Номын Сангуудын Консорциумын нэрэмжит шагналаар;
“Онцлох зөвлөн туслах ажил”-аар Булган аймгийн номын сан шалгарч, Манжуур хотод аялах эрх, МонКоха програм ашиглах эрхээр тус тус шагнуулав.
Монголын номын сангийн салбарын 2018 оны Шинэ жилийн цэнгүүнд 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, 2018 онд манлайлан ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал:
- МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр,
- Улаанбаатар хотын төв номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасгийн дарга В.Түвшинтогтох БСШУСЯ-ны жуух бичгээр,
- ХААИС-ийн номын сангийн эрхлэгч, ахмад номын санч Ж.Төмөртогоо,
- ИЗИС-ийн номын санч Б.Болортуяа нар "Тэргүүний номын санч" цол тэмдгээр шагнуулсан юм.
- Мөн Удирдлагын академийн номын санч Т.Бямбасүрэн,
- МУБИС-ийн номын санч Д.Одгэрэл, Б.Насанжаргал нар МЗХ-ны "Тэргүүний залуу"-аар,
- СУИС-ийн Номын сан судлалын 4-р курсын оюутан Б.Сувдмаа Тэргүүний оюутнаар шалгарч шагналаа хүлээн авлаа.
Сэтгэгдэл бичих