Header Ads

ad

Цол, тэмдэг

Монголын Номын Сангуудын Консорциумын “Тэргүүний номын санч”
цол, тэмдэг олгох болзол

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.        Монгол улсын номын сангуудыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллаж, тодорхой амжилт гаргасан салбарын ажилтныг түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, улсын болон олон улсын чанартай арга хэмжээг тохиолдуулан Монголын Номын Сангуудын Консорциумын “Тэргүүний номын санч” цол, тэмдгээр шагнана.
Хоёр. Шагналыг мэдүүлэх
2.1.  Шагнуулах саналыг тухайн байгууллагын удирдлагын болон нийт хамт олны хурлаар хэлэлцэх ба шагнуулах үндэслэлийг тодорхой бичиж, ажлын үзүүлэлт, судалгаа, тооцоогоор баталгаажуулан,  нээлт бүтээлийн жагсаалтыг хуулбарлан хавсаргана. Дараах материалуудыг бүрдүүлж, МНСК-ын холбогдох хаягаар хүргүүлнэ. Үүнд:
        Тухайн байгууллагын албан бичиг,
        Тухайн хүний ажил байдлын тодорхойлолт, /тухайн байгууллагын дээд албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан/
        Шагналд нэр дэвшүүлсэн хүний анкет, үндэслэл / МНСК-ын шагналын анкет байх бөгөөд веб сайтаас татаж авна
        Хамт олны хурлын протокол
        Бүрдэл болсон материалыг хүлээн авснаас хойш ажлын 5-7 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэнэ. Тухайн тэмдэг тус бүрд зөвхөн нэг хүнийг оруулсан материалыг хүлээн авна.
2.2.      Шагналд нэр дэвшсэн хүний ажил байдлын тодорхойлолт нь нийт ажилласан хугацааны ажлын амжилт, үр бүтээл, оруулсан хувь нэмрийг үнэн зөв, тодорхой бичих ба тухайн тодорхойлуулж буй хүний ёс зүйн  байдал, ажил мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн түвшингийн үнэлгээг сүүлийн 3-5 жилээр гаргаж, холбогдох судалгаа, үр дүн, амжилтын үзүүлэлт, бүтээлийн жагсаалт, уран бүтээлийн CD, DVD, ном, хөтлөн явуулдаг сошиал медиа хэрэгсэл/ блог, фэйсбүүк, твиттерг.м/ зэрэг холбогдох баримт бичгийг хавсаргасан байна.
2.3.      Журамд заасан болзлыг бүрэн хангасан, ямар нэг байгууллагад харьяалагддаггүй иргэнийг харьяалах баг, хороо, төрийн бус байгууллага, иргэн тодорхойлж болно.
2.4.      Шагналд нэр дэвшүүлж буй хүний бүрдэл болсон материалыг хүлээн авснаар Монголын Номын Сангуудын Консорциум нь тухайн хүний өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй.
2.5.      “Тэргүүний номын санч” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд:  Тухайн шагналд тодорхойлогдож буй ажилтан нь өөрийн номын санд болон Монголын номын сангуудын хөгжилд бодитой үнэлэгдэхүйц өндөр амжилт гаргасан байна. Хариуцсан ажлын үзүүлэлт, чанар, амжилт, бүтээл нь  аймаг, хот, улс, олон улсын хэмжээнд  үнэлэгдсэн, хамт олныхоо дунд нэр хүндтэй, МНСК-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, үндсэн салбартаа 5-аас доошгүй  жил ажилласан, бусдыгаа манлайлан, удирдан зохион байгуулах чадвартай тэргүүний номын санч-мэдээллийн ажилтнууд байна.
Гурав. Шагналын хэмжээ
3.1.      Шагналын нөөцийг тогтвортой хадгалах зорилгоор  шагнал шийдэгдсэн тохиолдолд МНСК-ын шагналын санд нэг бүр 37000 төгрөгийн хураамжийг дансаар шилжүүлсэн байна. / 499135351Худалдаа хөгжлийн банк/
3.2.      Шагнал бүрийг хувийн дугаар бүхий хатуу хавтастай үнэмлэх, медалийн хайрцаг дагалдан олгогдох болно.
3.3.      Шагналд тодорхойлсон ажилтны шагнах эсэх шийдвэрийг МНСК-ын ажлын албаны хурлаар шийдвэрлэх бөгөөд шагнагдах шийдвэрийг үндэслэн МНСК-ын гүйцэтгэх захирлын тушаал гарна.
3.4.      Шагналд нэр дэвшигчдийн баримт бичгийг буцаан олгохгүй, архивын баримт болгон хадгална.
Дөрөв. Тэмдэг, үнэмлэхийг нөхөн олгох
4.1.      Тухайн тэмдгийг гээж үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тохиолдолд тухайн хүний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, ирүүлсэн өргөдлийг үндэслэн 37000₮ хураамжтайгаар нэг удаа нөхөн олгоно.




No comments