Header Ads

ad

Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан эссэнүүдийг цувралаар танилцуулж байна

Монгол Улсад номын сангийн анхны хууль батлагдсан ой, Номын сангийн салбарын нэгдсэн шинэ жилийн байрын хүрээнд зохион байгуулсан "Монголын номын сангуудын консорциумын нэрэмжит" эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан шилдэг эссэнүүдийг танилцуулж байна.


ЦАР ТАХАЛ-ЦАХИМ НОМЫН САН

2020-12-19


Коронавирус /COVID-19/-тай холбогдуулан бүх үйлчилгээ алгуурхан өөрчлөгдсөөр.....  Энэ нь биднийг хэв маягаа өөрчлөхийг шаардаж сахилга бат, нийгэм, нийтийн хариуцлага, эрх ашиг, харах өнцөг, арга барилаа өөрчлөх  гээд олон зүйлийг ойлгуулж байна.

Интернэт болон техник технологийн хөгжил дэвшил нь бидний мэдэх уламжлалт номын сангийн үйлчилгээг шинэчлэн өөрчлөх, цаасан хэлбэрээс цахим хэлбэрт шилжих цоо шинэ үеийг цаг үе биднээс шаардаж байна. Гэтэл энэхүү өндөр хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн алхахад шинэ загвар, шинэ үеийг хөгжүүлэхэд энэ чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээ ховор, байсан ч олон нийтэд төдийлөн хүрээгүй байх жишээтэй. Хэдийгээр номын сангийн үйлчилгээ нь бусад соёл урлагийн салбараасаа эрх зүйн хувьд бие даасан хуультай түүнийг дагалдан гарсан дүрэм, журмууд харьцангуй ихээр гарсан боловч үйлчилгээ хэвийн уламжлалт арга барилаараа байсаар байна.

Өнөөдөр миний хүүхэд ахуй үедээ үйлчлүүлж байсан 1970-аад оны Нийтийн номын сангийн байшин барилга, анги танхим, үйлчилгээ яг хэвээр. Үүнд би байшин барилгын шинэ хуучин, уншлагын танхимуудын тохижилт соёлжилтын талаар хэлээгүй. Харин ч хуучин барилга байшингийн загвар дизайн нь хэвээр хадгалагдаж өнөөдрийн үйлчилгээг үзүүлж байгаа нь бахархууштай. Энд би зөвхөн номын сангийн уншлага үйлчилгээний талаар дурдмаар байна. 

Номын сангийн үйлчилгээ маань зөвхөн уншигчийн карт нээн ном олгох, жил бүрийн тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан олон нийтийн ажил зохион байгуулах, зохиолч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, номын үзэсгэлэн, зөөврийн номын сангийн үйлчилгээ, зөвхөн ном хэвлэл худалдан авах батлагдсан багахан төсөв гээд л хязгаарлагдаж байна. Эдгээр үйлчилгээнүүдийг зохион байгуулахад бие даасан батлагдсан төсөв байхгүй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нэрээр дан гуйврын хэмжээнд нэг байгууллагын далбаанд зохион байгуулсаар ирсэн. Энэ нь номын санчид маань нэг талаар номын санч-мэдээллийн ажилтнууд бус хүмүүнлэгийн ажилтны үүрэг гүйцэтгэж байна. Иймд олон нийтийн ажил үйлчилгээ явуулах бие даасан төсөв хуваарилах эс бөгөөс үйлчилгээний стандарт, төрөл ангиллыг өөрчлөх шаардлагатай. Мөн номын сан тус бүр өөрийн үзэмжээр уншигчийн картны үнийг тогтоож буйд хяналт тавьж нэгдсэн нэг бодлогоор хангах нь зүйтэй. 

Орон нутгийн Нийтийн номын сангууд орчин үеийн уншигч-үйлчлүүлэгчдийн наад захын хэрэглээг хангаж чадахгүй байна. Энэ нь номын сангуудын нэгдсэн цахим сан бүрдээгүй номын сан өөр хоорондоо тус бүр дур дурын програм хангамж нэвтрүүлж буйтай холбоотой. Жишээлбэл манай номын сан Волвес ХХК-ийн LiB4U.net програм хангамжийг жилийн 1530.0 мян.төг-өөр 1 жилийн эрхтэйгээр ашиглаж байна. Бид нийт сан хөмрөгтөө байгаа номоо 100 хувь цахим каталогт шилжүүлж цаашид цахим каталогийн үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Уншигч-үйлчлүүлэгчид цахим каталогийн үйлчилгээ гэхээсээ цахим номын сангаар үйлчлүүлэх, цахим үйлчилгээг авах сонирхтой байна. Гэтэл энэхүү програм маань хязгаарлагдмал үйлчилгээтэй,  төлбөр, хугацааны хувьд уян хатан биш нөхцөлтэй. 

Бусад аймаг, сумын номын сангууд Koxa, Monbiblio, LiB4U.net гэх мэтчилэн програмуудыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Иймд нэгдсэн цахим сан бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

Мөн бүтэц бүрэлдэхүүн, орон тоо, төсөв санхүү харьцангуй хуваарилалттай. Үүнийг мөн л бодлогоор зохицуулж хүн амын нягтаршил, олон улсын номын сангуудын жишиг, норм норматив, ажил албан тушаалын жагсаалт, орон тооны стандарт зэрэг эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах болон хүний нөөцийн бодлогыг шинэчлэх нь зүйтэй. 

Цахим номын сан гэдэг нь орчин үеийн номын сангийн үйлчилгээний загварыг уншигч түмэндээ ойлгуулж ойртуулан уншигчдын хандлага болон оролцоо идэвхид нь тулгуурлан илүү үр өгөөжтэй, тааламжтай үйлчилгээг үзүүлэхийг хэлэх бол уу.  Цаасан номноос цахим ном руу шилжих, дижитал технологийг нэвтрүүлэхгүй бол залуу хойч үе болон шинэ эрин үе маань бидний үйлчилгээг голохоор байна.  

Дижитал эрин үе чухал болсон өнөө цагт түүнийг хэрхэн хөгжүүлэх, ямар арга зам байгаа талаар эрдэмтэн мэргэн багш нар, судлаач шинжээчид эхлээд чиглүүлэх түүнийг төрөөс нь санхүүжүүлэх, удирдах нь зүйтэй. Юуны түрүүнд бие даасан Соёлын яамтай болсон нь бидэнд номын сангийн цахим орчинг сайжруулахад илүү түлхэц болно. Өөрчлөлт өөрөө бий болохгүй өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх, хөрөнгө оруулалтын гадаад, дотоод хүчин зүйлийг ашиглах, номын санчдынхаа ур чадвар, туршлага нөөц бололцоо, санал санаачлагыг илүү харах нь чухал. Гэхдээ бүх зүйлс сайн төлөвлөгдөж, хөрөнгө оруулалт хийгдсэн ч гэлээ байгууллагын удирдлагаас бусад хүн үүнийг ойлгохгүй, арагш чангаасан, үгүйсгэсэн, ажлын ачаалал даах чадваргүй,  ажил үйлчилгээ түүнд чиглэгдээгүй бол өөрчлөлтийн үр нөлөө буурч, бүтэлгүйтэх магадлал өндөр. Иймээс өөрчлөлтийг өөрөөсөө буюу номын санчдаа сургаж дадлагажуулахаас гадна харилцаа хандлагад илүүтэй анхаарах нь зүйтэй. Үүнд салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн зүгээс цахим өөрчлөлтөнд зөв зохистой зохицуулалт хийх, эрх зүйн баримт бичгүүдэд эргэн дүн шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр төслүүдэд өөрчлөлт хийх, зохион байгуулалт гүйцэтгэлийн үнэлгээ урамшуулал дээр тулгуурласан тууштай дэмжлэг оролцоо чухал. Энд аливаа байгууллагын дотоод харилцаа чухал бөгөөд туршлагаас харахад уламжлалт аргаас татгалзан харилцааны илүү аргыг хайж олох. Аливаа хурал, олон нийтийн ажил зэргийг цахим орчинд өөрийн вэб хуудсаар дамжуулахын зэрэгцээ видео хэлбэрээр зохион байгуулах янз бүрийн бодкаст контентүүдийг үүсгэснээр шинэ санаа өөрчлөлтүүд илүүтэй хөгжих боломжтой. 

Ихэнх номын санч аль нэгээр мэргэшсэн эсвэл дутуу төлөвшсөн байдгийг амьдралаар харагдаж байна. Бид биш би гээр өвчилсөн байдлыг таслан зогсоох. Уншигчдаа сонирхогчид эхлэн суралцагчид гэх мэт төлөвшлөөр ангилан тохирсон үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байна. Түүнээс биш бестселлер бүхий хэдэн номоор эргэлдэх бусад салбар дундын, мэргэжлийн номуудыг уншигч түмэндээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил хийхгүй идэвх санаачлагагүй фэйсбүүк орчинд байсныгаа сошиал орчинд ажиллаж байна гэж буруу ойлголттой байна. 

Номын санчид цаг үеэ мэдэрч соргог ажиллах шаардлагатай байна. Уншигчдад үйлчлэх гэж цалин авч байгаа. Санаагүй номыг нь сануулах, судлаагүй судалгааг нь танилцуулах тэр чиглэлийн ном товхимлыг санал болгох. ЕБС-ийн сурагчдаар танхимаа дүүргэж суусныгаа сайн ажиллаж байна биш ирэхгүй, номын санд ирж үзээгүй, үйлчлүүлж үзээгүй иргэдийг татан оролцуулж ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж нийгмийн аль ч давхаргынханд ижил тэгш хүртээмжтэй үйлчлэх нь зүйтэй. 

Хүүхдийн болон нийтийн уншлагын танхимаар хэдээс хэдэн насны хүмүүс үйлчлэнэ гэсэн хатуу дэг биш уншигч хүсвэл аль ч танхимаар үйлчилгээ авах эрхийг нээж өгөх. Эс бөгөөс номын санчид өмчирхөх, гадуурхах үзэл харагдаж байна. Хуучин цагийн номын сан чимээгүй байх биш уншигч хүсвэл ямар ч байдлаар үйлчлүүлж байх. Цаашилбал уртасгасан цагаар буюу 24 цагийн үйлчилгээг нэвтрүүлмээр. 

Номын сан бол нийгмийн янз бүрийн бүлэг, хувь хүмүүс мэдээлэл авах боломжтой газар бөгөөд өөрийн боловсролоо дээшлүүлэх, шинэ ур чадвартай болох,  ажил хайх,  аж ахуйгаа төлөвлөх, мэдээлэлд тулгуурлах,  эрүүл мэнд,  газар тариалан,  хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамаарах шийдвэр гаргах асуудлыг илүү таньж мэдэх боломж бүрддэг онцлогтой.  Номын сангийн бүх хэлбэрээр мэдээлэл түгээх мэдээлэл авах боломж нэг талаас хүний эдэлбэл зохих эрх төдийгүй нөгөө талаас ядуурлын үе дамжсан тойргийг таслах тогтвортой хөгжлийг дэмжих тулгуур юм. Иймд нийгмийн бүхий л давхаргынхныг тэр тусмаа эмзэг бүлгийн нийгмийн халамж хүртэгсдэд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх нь зүйтэй. Ингэснээр  архинаас хамаарал бүхий гэр бүлийн хүчирхийлэл,  гэмт хэрэг эрс буурна. Ном барьсан хүн аливаа хүчирхийлэл үйлдэх нь тун ховор. Иймд халамжийн хишиг хүртэгсэд буюу хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлэх иргэдэд нийтийн хог цэвэрлэгээнд хэдэн удаа ажиллах ёстой гэсэн болзол тавихаасаа  нийтийн номын сангаараа хэдэн удаа үйлчлүүлж хэдэн ном уншсан тухай болзлыг тавьж уг эрхийн бичгийн эрхийг олгож байх нь зүйтэй болов уу. 

Энэхүү бичвэрээр миний бие нь номын сангийн бүхий л үйлчилгээ, хүний нөөц, цахим сан гэх мэтчилэн цогцоор нь нэгдсэн бодлогоор дэмжих саналуудыг тоймлон товчхон орууллаа. Үүнд:

  1. Нэгдсэн цахим сан бүрдүүлэх

  2. Хүний нөөц, орон тоо бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах

  3. Үйлчилгээний стандартыг шинэчлэн боловсруулах

  4. Олон нийтийн ажил зохион байгуулах бие даасан төсөв батлах

  5. Хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг иргэдэд тавих журамд өөрчлөлт оруулах санал оруулах 

Хэнтий аймгийн 

Нийтийн номын сангийн 

захирал Ж.Тогтох


No comments