MONGOLIAN LIBRARY UPDATE 2021 номын санч мэдээллийн ажилтнуудын VIII зөвлөгөөний боллоо
НЭГ. ЗӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ
2014 оноос эхлэн жил бүр дотоодын номын сангууд болон номын санч, мэдээллийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй Mongolian library update улсын зөвлөгөөн энэ жил VIII удаагаа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Соёлын бүтээлч сарыг тохиолдуулан найм дахь удаагаа, Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монголын Номын сангуудын консорциум, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академи, Монгол Улсын Боловсролын их сургуультай хамтран Удирдлагын академийн “Төрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөний төв”, МУБИС-ийн номын сангийн судалгааны танхимд амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, МНСК-ын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ нар үг хэллээ. Мөн Солонгосын KSLA Мэргэжлийн номын сангийн холбооны төлөөлөгч Jang-Sup цахимаар мэндчилгээ дэвшүүлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Зөвлөгөөнийг танхим, онлайн хосолсон хайбрид хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд хот, хөдөөгийн 90 гаруй номын санч танхимаар, 200 орчим номын санч, мэдээллийн ажилтнууд онлайнаар оролцсон юм.
Оролцогчдыг байгууллагаар нь хувааж үзвэл Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, их дээд сургууль, мэргэжил сургалтын төв, Ерөнхий боловсролын сургуулийн номын сан, хувийн хэвшлийн байгууллагын номын сан, орон нутгийн нийтийн номын сангийн төлөөллүүд оролцсон. Мөн ахмад номын санчид, номын сангийн идэвхтэн уншигч бусад холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулснаараа онцлог боллоо.
Зөвлөгөөний үеэр Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Соёлын яамны дэмжлэгтэйгээр МУИС-ийн номын сангаас зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан оролцогчдод шагнал гардуулах, МУҮНС-аас зохион байгуулж буй 100 жилийн ойд зориулсан цуврал ярилцлага зохион байгуулах, оролцогчидтой ярилцаж видео контент үүсгэх зэрэг ажлууд нэмэлтээр хийгдсэн.
Уг арга хэмжээ нь Соёлын бүтээлч сарын хүрээнд хийгдсэн тул, сурталчилгаа, баннер, лого, танилцуулга нь Соёлын яамнаас гаргаж өгсөн өнгө, загвар, агуулгын хүрээнд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний үйл ажиллагааг Монголын Үндэсний Радиогийн сурвалжлагч ирж сурвалжлан тухайн өдрийн нэвтрүүлгээр орон даяар цацсан юм. Мөн гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Монголын мэдээ сувгийн “Онцлох зочин” ярилцлагын буланд уригдан оролцож яриа өгсөн.
ХОЁР. ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Зөвлөгөөний нэгдүгээр хэсэг: Үргэлжлэх хугацаа 09.20-13.00 цаг
Энэ хэсэгт эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд номын сангийн салбарын дараах 7 чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Илтгэгч, сэдвийг хүснэгтээр харууллаа.
Сэдэв Илтгэгч
“Mongolian library update” зөвлөгөөний үр дүн, цаашид анхаарах санал
Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ
Номын сангийн хөгжлийн зураглал, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр
Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг
Дижитал номын сангийн одоо ба ирээдүй: Digital Library’s Present & Future
Mr. Kwang-Oh Kwon, Manager of overseas business team at Futurenuri, Inc. Republic of Korea
Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж
СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч, Докторант, Т.Хайдав
COVID-19 үе дэх “Номын Сангийн Үйлчилгээ” Pandemic & Library
Докторант Ч.Хишигсүрэн (Чонбукийн Их Сургууль)
Номын сангийн шинэчлэл: Номын сангийн цахим шилжилт
МУБИС-ийн номын сангийн захирал, Докторант, Ж.Баатарсүрэн
Хувь хүний хөгжлийн тухай
Докторант М.Мөнхжаргал
Зөвлөгөөний хоёрдугаар хэсэг: Үргэлжлэх хугацаа 14.30-18.00
Энэ хэсгийн зохион байгуулалтын онцлог нь зөвлөгөөнд оролцогчдын оролцоог хангах зорилгоор 5 сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлгийн хэлбэрээр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оруулсан сэдвүүд нь 2021 оны зун хийсэн “Номын сангийн хөгжлийн зураглал”-ын үндсэн агуулгыг хамарсан болно.
Панел хэлэлцүүлгийн сэдэв, чиглүүлэгчийг хүснэгтээр харууллаа.
Хэлэлцүүлгийн сэдэв
Чиглүүлэгч, Оролцогчид
Үндэсний оюуны өв санг бүрдүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх
Модератор: Б.Ичинхорлоо
Панелист: Д.Наранцэцэг, Д.Энхтунгалаг, Б.Сарандэлгэр, Т.Лувсаннямаа
Салбарын үнэлэмж чадавхийг сайжруулах
Модератор: Б.Баяраа,
Панелист: Г.Цэрэн, Т.Отгоо, О.Мөнхтуяа
Хэрэглэгч төвтэй үйлчилгээ
Модератор: В.Түвшинтогтох,
Панелист: Т.Хайдав, Т.Баярлах, Л.Батболор
Цахим шилжилт
Модератор: Ж.Баатарсүрэн
Панелист: Т.Хишигсүрэн, М.Цэнгэл, Б.Бат-Эрдэнэ
Түншлэл хамтын ажиллагаа хөгжүүлэх
Модератор: Ч.Мөнх-Эрдэнэ
Панелист: Д.Индра, Б.Цогжаргал, М.Даваасүрэн, Ж.Бэгзсүрэн
ГУРАВ. ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮР ДҮНГИЙН ТУХАЙ
Уг зөвлөгөөнийг Монголын номын сангуудын консорциумаас уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд VIII зөвлөгөөнийг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр, орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан нь онцлог байлаа. Мөн ахмад номын санчдын төлөөллөөс Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ш.Базар, О.Цацрал нар уригдан оролцож, панел хэлэлцүүлгийн үеэр залуу үеийн номын санчиддаа сургамж хэлж, өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.
Зөвлөгөөний зохион байгуулалтыг цахимаар дамжуулахдаа LIVE stream ашигласан бөгөөд бүртгэлтэй 200 гаруй хүнээс гадна алслагдсан сум, баг, хорооны номын санчид хүрч, дэлхийн хаанаас ч холбогдох, үзэх боломжтой болсноороо олон хүний сэтгэлд хүрсэн арга хэмжээ болсон.
VIII зөвлөгөөний үеэр өмнөх жилийн буюу “Mongolian library update-2020” зөвлөгөөний үр дүн, түүний мөрөөр Соёлын яам болон номын сангийн салбарынхны хамтран боловсруулсан “Номын сангийн хөгжлийн зураглал, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийн тухай танилцуулсан.
МНСК-ын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тусгай номын сангийн холбооноос “Дижитал номын сан: одоо, ирээдүй: Digital Library’s Present & Future”, “COVID-19 үе дэх “Номын Сангийн Үйлчилгээ: Солонгосын номын сангийн жишээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Уг илтгэлүүд нь цаг үеэ олсон, сонирхолтой байсныг оролцогчид илэрхийлж байсан.
Мөн номын сангийн салбарын залуу судлаачид “Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж”, “Номын сангийн шинэчлэл: Номын сангийн цахим шилжилт”, “Хувь хүний хөгжлийн тухай” зэрэг сэвдээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Үүний дараагаар “хэрэглэгч төвтэй үйлчилгээ”, “түншлэл хамтын ажиллагаа хөгжүүлэх нь”, “салбарын үнэлэмж, чадавхийг сайжруулах”, “үндэсний оюуны өв санг бүрдүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх”, “цахим шилжилт” гэх мэт сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Оролцогчдын сонирхсон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон.
Энэ удаагийн зөвлөгөөн нь оролцогчдын идэвх оролцоог хангаж, зохион байгуулалтын хувьд илүү боловсронгуй, үр дүнтэй үйл ажиллагаа болсныг оролцогчид онцолж, талархлаа илэрхийлж байв.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг баримтжуулж, зохион байгуулагчид ирүүлэх үүргийг чиглүүлэгч нар хариуцан ажилласан. Хавсаргав.
“Mongolian library update 2021” номын санч мэдээллийн ажилтнуудын VIII зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол улсын Соёлын сайд Ч.Номин, Соёлын яамны хамт олонд гүн талархал илэрхийлж байна.
ДӨРӨВ. ДҮГНЭЛТ, САНАЛ
Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Mongolian Library update-2021” номын санч-мэдээллийн ажилтнуудын улсын VIII зөвлөгөөнийг өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн зөвлөгөөнийг цагийн үеийн нөхцөл байдалтай уялдуулан танхим болон онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Удирдлагын академийн хурлын танхимд 65, МУБИС-ийн сургалтын танхимд 30, онлайнаар БНСУ-аас 3 илтгэгч, нийслэл, орон нутгаас 159 номын санч-мэдээллийн ажилтан, нийт 257 оролцогч оролцлоо.
Монгол Улсын Соёлын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан “Номын сангийн хөгжлийн нэгдсэн зураглал”-ыг танилцуулж 5 панел хэлэлцүүлэг өрнүүлсэн. Зөвлөгөөний үндсэн илтгэлийг Монгол Улсын Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга хатагтай Д.Наранцэцэг “Номын сангийн хөгжлийн нэгдсэн зураглал” сэдвийн хүрээнд танилцуулсан. Уг илтгэлийн хүрээнд стратегийн таван үндсэн чиглэлийг тодорхойлсныг үдээс хойш хэлэлцүүлэг хийж оролцогчдын санал, зөвлөмжийг сонссон.
Уг хөгжлийн нэгдсэн зураглалд тусгагдсан стратегийн тэргүүлэх чиглэл болох “Үндэсний оюуны өв санг бүрдүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх”, “Салбарын үнэлэмж, чадавхийг сайжруулах”, “Хэрэглэгч төвтэй үйлчилгээ бий болгох”, “Цахим шилжилт”, “Түншлэл хамтын ажиллагаа хөгжүүлэх нь” агуулга бүрээр панел хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөгөөнд оролцогчдын оролцоог хангаж ажиллаа.
Оролцогчид “Номын сангийн хөгжлийн нэгдсэн зураглал” төслийн чиглэл бүр дээр санал хэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Цаашид Соёлын яам “Номын сангийн хөгжлийн нэгдсэн зураглал” төслийг бодлогын баримт бичиг болгох боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх нь Монголын номын сангийн хөгжлийн чухал хөшүүрэг болохыг онцолсон.
Сэтгэгдэл бичих